Завхан аймгийн баяр наадам өргөн дэлгэр болж байна.
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Сүхбаатарын одонт Завхан аймаг байгуулагдсаны 102 жилийн үндэсний их баяр наадмын нээлт өнөөдөр цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Наадмын нээлтийн агуулгыг Завхан аймгийн онцлог, түүх, шашин урлагийг хослуулсан ёс заншил, уугуул нутгийн онцлох соёлын биет бус өвүүдийг сурталчлан зохиомжилсон байна.
Уламжлал ёсоор тус аймгаас төрөн гарсан хувилгаад хутагтуудын түүх, оройн дээд Очирваань хайрхны тухай уртын дуу “Оройн чимэг”-ийг эгшиглүүллээ.
Ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлч, ардын авьяастнууд урлагийн тоглолт үзүүлж, Монгол улсын ардын жүжигчин С.Батсүх ая дуугаа өргөсөн нь онцлог болов. Мөн шашны зан үйлийг харуулсан үзүүлэх тоглолт цамын бүжиг, үндэсний бүжиг, монгол дээлний өв соёлыг таниулсан үзүүлэх тоглолтыг үзүүллээ.
Үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, хурдан морины уралдаан тусгай хөтөлбөрийн дагуу үргэлжилж байна.